07/12/2025 | Press release | Distributed by Public on 07/13/2025 02:56
Гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүллээ.
Бүгд Найрамдах Сан Марино Улс Гадаад хэрэг, улс төрийн хэрэг, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон дижитал шилжилтийн сайд Лука Беккари:
"Үндэсний Их баяр наадмаа тэмдэглэж буй Эрхэм хүндэт Сайд Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол, Сан Марино Улсын үнэнч нөхөрлөлийг бататгаж, хөгжил цэцэглэлт, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эрхэмсэг хатагтай Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. "
Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Эрвин Ибрахимович:
"Монголын Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Монтенегро, Монголын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, зарим санаачилгыг дэвшүүлэн хамтын ажиллагааны нөөц бололцоо бүхий салбаруудыг хамтран тодорхойлоод байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт бид гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна."
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто:
"Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Унгар Улс Монгол Улстай хөгжүүлж хамтын ажиллагаа, олон арван жилийн түүхт нөхөрлөлдөө чухал ач холбогдол өгдөг билээ. Бидний хамтдаа бий болгосон бат бэх суурь дээр үндэслэн хамтын хүч чармайлтын дүнд хоёр талын хамтын ажиллагаагаа олон салбарт тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэмсэг хатагтай Сайд Тантай хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байна. Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсье."
Бүгд Найрамдах Беларус Улс Гадаад хэргийн сайд Максим Рыженков:
"Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны хамт олонд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Ард түмнийг нэгтгэж, Монгол үндэстний оюун санааны хүч чадал, эв нэгдлийн бэлгэдэл болсон энэхүү баяр нь Монгол орны баялаг соёл, уламжлалын илэрхийлэл юм. Соёлын өв, үндэсний онцлогоо хадгалж үлдэх нь улс орны ирээдүйг итгэлтэйгээр харах боломжийг бүрдүүлдэг гэдэгт би итгэдэг.
Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын хоёр талын болон олон улсын тавцанд дахь улс төрийн идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байна.
Бид хамтдаа хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтын хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, ажлын өндөр амжилтыг чин сэтгэлээсээ ерөөж байна." гэжээ.