Ministry of Foreign Affairs of Mongolia

03/01/2026 | Press release | Distributed by Public on 03/01/2026 22:39

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ӨНӨӨДРИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЭВ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус эмнэлэг 70 жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард шинэ барилгаа ашиглалтад оруулан, иргэдэд тохилог, стандарт шаардлага хангасан орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Шинээр ашиглалтад орсон барилга нь орчин нөхцөлөөс гадна тоног төхөөрөмжийн хувьд бүрэн шинэчлэгдсэнээрээ онцлогтой. Тухайлбал, компьютер томографийн шинжилгээг орон нутагтаа хийх боломж бүрдэж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлжээ. Энэ талаар эмнэлгийн эмч, ажилтнууд онцлон мэдээлэв. Ажлын үеэр сайд Ж.Чинбүрэн хагалгааны вакум өрөөг тохижуулж, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай дэмжлэгийг бүх талаар үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Хархорин сумын эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлог нь осол гэмтэл болон тархины харвалтын яаралтай тусламж байдаг тул хагалгааны өрөөг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь сэргийлж болох нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм. Мөн Хархорин сум цаашид хот болон өргөжин, аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж буйтай холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ чанартай, чадамжтай, хүртээмжтэй байх нөхцөлийг бодлогоор тасралтгүй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр орон нутгийн, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь аварч болох амь насыг аврах хамгийн чухал нэгж, хамт олон гэдгийг тэмдэглээд амжилт хүслээ. Ажлын айлчлал үргэлжилж, сайд болон холбогдох албаныхан өнөөдөр Архангай аймагт ажиллана.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on March 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 02, 2026 at 04:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]