Ministry of Foreign Affairs of Mongolia

07/08/2025 | Press release | Distributed by Public on 07/08/2025 01:23

“MONGOLIAN PRIDE” PHOTO EXHIBITION OPENS AT THE MONGOLIA ART GALLERY

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй "Монгол бахархал - Мөнхөд гэрэлтэх Монгол" гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд монгол түмний төрт ёс, түүх, байгаль, соёлын өвийг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд таниулж, бахархал төрүүлэх зорилготой юм.

Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монголын гэрэл зурагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар оролцож үг хэлсэн бол хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд төрийн тахилгат "Арван гурван" их хайрхан, түүний дотор "Бурхан Халдун" зэрэг түүх, байгаль, шинжлэх ухааны үнэ цэнэ бүхий сэдвүүдийг хөндсөн гэрэл зургууд багтсан байна.

Мөн Япон Улсын Эзэн хаан Нарухито, хатан Масако нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан хоёр орны найрамдалт харилцааг харуулсан гэрэл зургууд тус үзэсгэлэнгийн онцлох хэсэг болжээ.

Үзэсгэлэнгийн бас нэг онцлох хэсэг бол "Токио хот Монголын гэрэл зурагчдын дуранд" нэртэй цомог бөгөөд "Токиогийн гэрэл зургийн сар-2025" арга хэмжээнд оролцсон монгол гэрэл зурагчдын бүтээлүүдийг багтаасан бөгөөд Японы байгаль, уламжлал, ахуй соёлыг монгол гэрэл зурагчдын өнцгөөс харуулсан бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2025 оны 7-р сарын 8-наас 20-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 08, 2025 at 07:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io