09/19/2025 | Press release | Archived content
Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Аньхуй мужийн Намын хорооны орлогч Нарийн бичгийн дарга бөгөөд Мужийн дарга Ван Чиншянийн урилгаар тус мужийн Хөфэй хотноо 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүд зохион байгуулагдаж буй Дэлхийн үйлдвэрлэлийн чуулга уулзалтад оролцов.
Энэ удаагийн чуулга уулзалт нь "Ирээдүйг бүтээх ухаалаг үйлдвэрлэл" (Intelligent Manufacturing for a Better Future) уриан дор явагдаж байгаа бөгөөд дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгаас төрийн болон бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
20,000 ам метр талбайг хамарсан үзэсгэлэнд авто машин, ухаалаг робот, технологийн салбарын сүүлийн үеийн ололт амжилтыг танилцууллаа. Мөн үеэр 160 тэрбум юанийн үнийн дүнтэй 210 гаруй шинэ эрчим хүч, ухаалаг автомашин, хиймэл оюун ухаан, био-эмнэлэг, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна.
Манай аймгийн хувьд Аньхуй мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд тус мужийн шилдэг аж үйлдвэр эрхлэгчидтэй уул уурхай, барилгын материалын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах боломжтой юм.