09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/26/2026 03:54
"SCHOOL TRIP - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Суралцагчдын дунд зохион байгуулсан уг спорт аялалыг танин мэдэхүй, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бие бялдрын хөгжлийг дэмжих олон талт агуулгатайгаар амжилттай зохион байгууллаа.
✈️✈️✈️Аяллын үеэр суралцагчид Отгонтэнгэр нисэх буудалтай танилцаж, тус буудлын Аюулгүй үзлэгийн шалгагч Ц.Мөнхтуяа, Агаарын хөлгийн техникч П.Мөнхтөр нараас нисэхийн салбарын онцлог, ажил үүрэг, байгууллагын түүхийн талаар мэдээлэл авч, агаарын хөлгийн нисгэгч, онгоцны үйлчлэгч, аюулгүй ажиллагааны техникч зэрэг мэргэжлийг сонирхож буй суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох маш чухал сургалт, мэдээллийг хүргэлээ.
✍️Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн төрсөн гэрийн буурь Алдархаан сумын Мандаат уулын "Ар Амны Тасархайн бууц"-д зочилж, их найрагчийн амьдрал, уран бүтээлийн талаар сургуулийн захирал, хэл бичгийн ухааны доктор Н.Дэлгэрмаа, монгол хэл уран зохиолын багш, докторант Б.Багуулаа нар сонирхолтой мэдээлэл өглөө. Энэ үеэр нийт суралцагчид хамтран их найрагчийн "Би хаана төрөө вэ?" алдарт шүлгийг бүрэн эхээр нь уншиж, эх орон төрөлх нутгаа хайрлан дээдлэх үзлийн талаар ойлголтоо баяжууллаа.
Алдархаан сумын Шохойн толгой орчмын үзэсгэлэнт байгаль, газарзүйн онцлогтой танилцаж, Их Монгол Элс болон Завхан голын байгалийн тогтоц, өвөрмөц сайхныг үзэж сонирхон, эх орныхоо байгалийн өв, үнэт зүйлсийн талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэв.
Аяллын төгсгөлд Яруугийн хийдийн орчимд спортын арга хэмжээг дараах төрлөөр зохион байгуулж, суралцагчид маань өрсөлдөөнтэй, хөгжилтэй, хоорондоо илүү танилцаж нөхөрлөсөн, анги хамт олон нэгдэж оролцож чаддаг гэдгээ харууллаа.
✔️100 метрийн гүйлт
✔️буухиа тэмцээн
✔️олс таталт
✔️байрнаас уртын харайлт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдүүлэн шилдэг тамирчдыг шалгарууллаа. Тус арга хэмжээ нь суралцагчдын бие бялдрын хөгжил, багаар ажиллах чадвар, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
Спорт аялал нь суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, эх орныхоо түүх, соёл, байгальтай танилцах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд үр өгөөжтэй, ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Сургуулийн захиргаа
2026.09.24