09/13/2026 | Press release | Distributed by Public on 09/13/2026 06:35
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2026 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Залуу офицерын хөгжлийн жил" болгон зарласантай холбогдуулан Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй "ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ" нөлөөллийн арга хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймгийн Прокурорын газар, Шүүх, Бүсийн шүүх шинжилгээний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай салбар болон Дотоодын цэргийн тусгай салбарын алба хаагчид хамтран "Хүндэтгэлийн цагаан хаалга"-ны ойр орчим болон Онги голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх нийтийн цэвэрлэгээний ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд "Хүндэтгэлийн цагаан хаалга"-наас Онги гол, Онги голоос аймгийн гүүр хүртэлх нийт 10 орчим километр талбайн үерийн улмаас суваг, шуудуу болон эрэг дагуу хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв.
Мөн "Хүндэтгэлийн цагаан хаалга"-ны орчимд ариун цэврийн байгууламжгүйгээс иргэд ил задгай бие засах, ахуйн хог хаягдлаа хаях тохиолдол гарч, улмаар хог хаягдал үерийн усаар дамжин Онги голд орж бохирдуулах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд иргэдийг аялж, зорчихдоо хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт хаяж хэвших, гол, усны эх үүсвэр болон байгаль орчноо бохирдуулахгүй байж, нийтийн эзэмшлийн талбайн цэвэр, аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЖ,
ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ОРЧНЫГ ХАМТДАА БҮРДҮҮЛЬЕ.
#ХАМГААЛСАН_БАЙГАЛЬ_БИДНИЙ_ИРЭЭДҮЙ
#ХОГ_ХАЯГДЛЫГ_БУУРУУЛЪЯ