12/16/2025 | Press release | Distributed by Public on 12/16/2025 02:55
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр сум орон нутгийн өвөлжилтын байдалтай танилцаж, суманд ажиллаж амьдарч байгаа иргэд малчидтай уулзаж тэдний саналыг нь сонсох, гарсан санал асуудлыг эрэмбэлж шийдвэрлэх зорилгоор сумдаар тойрч ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2025.12.16/ Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Мөнгөнморьт суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар улс болон аймгаас баримталж байгаа бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээ мэдээллийг иргэдэд өгөв. Харин сумын иргэдийн зүгээс ундны усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн ирэх 2026 онд тохиох сумын сургуулийн түүхт 90 жилийн ой угтаж хийх ажлууд, төсөв хөрөнгийн тухай асуудалд аймгийн Засаг дарга хариулт өгч сургуулийн засварын ажилд дэмжлэг үзүүлж, ус зөөлрүүлэгчтэй шинэ худаг барих төсвийг шийдвэрлэхээр боллоо. Үүний дараа ажлын хэсгийнхэн сумын Ерөнхий боловсролын сургуулиар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 2025-2026 оны хичээлийн жилд Төв аймгийн Мөнгөнморь сумын Ерөнхий боловсролын сургууль 36 багш ажилтан, 11 бүлгийн 296 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, 83.5 хувь нь зэрэгтэй багш нар, үүний 35.7 хувь нь магистр зэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жилд аймагтаа тэргүүлж байгаа бөгөөд 93.3 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалд хамрагддаг аж. Тус сургуулийн барилга 1989 онд баригдсан. Холимог бетон суурьтай, 640 мм-ийн зузаан тоосгон ханатай, угсармал, цутгамал хучилттай, сургалтын үйл ажиллагааны зориулалттай барилга юм. Гэвч өнөөдрийн байдлаар сургуулийн барилгад хөгц, мөөгөнцөр үүссэн, ариун цэврийн байгууламж нь стандарт шаардлагад нийцдэггүй, тогны хүчдэл байнга унадаг, барилгын дулаан алдагдалтаас болж тасалгааны температур стандартын түвшинд хүрдэггүй нөхцөл байдалтай холбогдуулан их засвар хийх зайлшгүй шаардлага бий болсон. Одоогийн байдлаар их засварын зураг төсвөө батлуулаад байгаа юм.