02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 20:09
Айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан:
• Цээл сумын Хүүлэй хан 5-р багийн малчин А.БАТЗОРИГ, гэргий Б.УРАНТОГОС
• Цээл сумын Хүүлэй хан 5-р багийн малчин П.МОНХООДОЙ, гэргий С.РАВЖИР
• Цээл сумын Хүүлэй хан 5-р багийн малчин Л.ХҮРЭЛБААТАР, гэргий Л.БУНДСҮРЭН
• Цээл сумын Хүүлэй хан 5-р багийн малчин Г.БАЯРЦЭНГЭЛ, гэргий Д.ЧИМЭГСАЙХАН нарын шагналыг аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга А.Амарбаясгалан, Аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Эрдэнэбат нар гардуулан өглөө. А.Батзоригийн гэр бүл 16 жилийн турш мал маллаж, сумын хошой аварга малчин, алтан төлийн эзэн, мянгат малчин өрхөөр шалгарч байсан бөгөөд эхнэр Б.Урантогос нь шүлэг найраглал бичиж, гар урлал, нэхмэл эдлэлийн өрхийн үйлдвэрлэл эрхэлж, сумын шилдэг малчин эмэгтэйгээр шалгарсан хөдөлмөрч залуу гэр бүл юм. П.Монхоодой, эхнэр С.Равжир нар бага залуу насандаа Залуучууд сангийн аж ахуйд 2300 хурга хүлээн авч бойжуулж байсан бөгөөд үе дамжин малчин уламжлалыг үргэлжлүүлсэн авч яваа айл юм. Тэд залуу малчдыг малжуулж, мал маллах арга ухаанаа заан сургаж, сумын алдарт уяач, сумын хошой аварга малчин цол хүртсэн туршлагатай, манлайлагч малчид билээ. Л.Хүрэлбаатар, Л.Бундсүрэн нар 1990 онд гэр бүл болж, мал маллан хамтын хөдөлмөрөөрөө 2001 онд Самбуугийн нэрэмжит сумын аварга малчин цол хүртсэн бөгөөд цэвэрч, эв нэгдэлтэй хот айлыг бүрдүүлж, залуу малчдыг малжуулан дэмжиж, сум орон нутгийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, ивээн тэтгэж ирсэн хөдөлмөрч малчин гэр бүл юм. Г.Баярцэнгэл, эхнэр Д.Чимэгсайхан нар 1985 оноос мал маллаж ирсэн бөгөөд аймгийн алдарт уяач, "Алтан гадас" одонт, сумын аварга малчин, хүү Б.Өлзий-Очир нь өмнөд бүсийн аварга адуучин, аймгийн аварга адуучин юм. Тэд отор нүүдлийг идэвхтэй хийж, мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу малчдыг малжуулж дэмжин, мал маллах арга ухаанаа өвлүүлэн сургаж ирсэн туршлагатай малчид билээ. Эрдэнэт малын буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.