09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 23:55
"YUTONG TECHNIC-2026" засвар үйлчилгээний ур чадварын тэмцээн өнөөдөр "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын Засварын төвд зохион байгуулагдаж байна. Нээлтийн үеэр "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨАТҮГ-ын захирал С.Баттулга "Оролцогчид нэгнээсээ суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах нь салбарын хөгжилд бодит үр өгөөжтэй"-г онцоллоо.
"Улаанбаатар хөгжлийн корпораци" ХК, Нийтийн тээврийн бодлогын газар, "Yutong" ХХК хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 11 байгууллагын 22 инженер, техникийн ажилтан оролцож байгаа юм.
С.Баттулга нээлтийн үгэндээ:
"Энд оролцож буй баг бүр өөрийн байгууллагын туршлага, ажлын арга барил, мэргэжлийн ур чадвараа авчирсан. Тиймээс өнөөдөр зөвхөн хэн нэгнийг түрүүлэх, хэн нэгнийг ялах тухай биш. Харин өөрийн мэдлэг, ур чадвараа сорих, бусдын сайн туршлагаас суралцах, салбарынхаа мэргэжлийн түвшинг ахиулах тухай юм" хэмээн хэллээ.
Тэрбээр тэмцээнээс олж авсан шинэ арга, зөв шийдлийг өдөр тутмын засвар үйлчилгээнд хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, салбарт тулгамддаг нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэхийг оролцогчдод уриалав.
Инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэ цэнийн талаар:
"Нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчдод хүрэхээсээ өмнө засварын төвөөс эхэлдэг гэж би боддог. Зорчигч автобусанд сууж, зорьсон газартаа аюулгүй хүрэхийн цаана та бүхний мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөр бий" хэмээн онцлов.
"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ нь 95 автобусаар 12 чиглэлд, сургуулийн найман автобусаар найман чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр үйлчилгээг тасралтгүй, найдвартай хүргэхэд автобус бүрийн техникийн бэлэн байдлыг хангадаг засварын инженер, шалгах механик, засварчид болон нийт техникийн ажилтнуудын үүрэг чухал болохыг С.Баттулга тэмдэглэж, хамт олондоо талархал илэрхийллээ.
Шугамын үйлчилгээнд гарсан эвдрэл, саатлыг шуурхай шийдвэрлэх нь автобусны сул зогсолт, рейсийн тасалдал, зорчигчдын хүлээлтийг багасгаж, зорчих хэсэгт саатсан автобуснаас үүдэх нэмэлт түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Ингэхдээ гэмтлийн үндсэн шалтгааныг зөв оношилж, технологийн дагуу чанартай засварлан, техникийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсны дараа автобусыг шугамд буцаах зарчмыг тэрбээр чухалчлах ёстойг тодотголоо.
Тэмцээн "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын Засварын төвд үргэлжилж байна.