Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 07:43

“МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ”

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиож буй энэ түүхэн мөчид Орхон аймгийн эрүүл мэндийн салбараас "МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ" төрөн гарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нярайн тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Мажигсүрэнгийн Баттуяа нь "Монгол Улсын Хүний гавьяат эмч" хэмээх эрхэм хүндэт цолоор шагнагдлаа.

Тэрээр амьдралынхаа 38 жилийг эрүүл мэндийн салбарт зориулж, энэ хугацаанд 16,000 гаруй нярайг эх барин угтаж, 1,100 гаруй дутуу болон нэн бага жинтэй нярайг сэхээн амьдруулж, эмчлэн сэргээж олон мянган гэр бүлд аз жаргал, итгэл найдвар, амьдралын үнэ цэнтэй эхлэлийг бэлэглэсэн эрхэм хүмүүн, чадварлаг эмч билээ.

Түүнчлэн Орхон аймагт Нярайн эрчимт эмчилгээний тасгийг анх санаачлан байгуулж, бүс нутгийн хэмжээнд нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нярайн эндэгдлийг бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, эх, нярайн эрүүл мэндийн төлөө зориулсан олон жилийн уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвар, хүнлэг үйлсийг нь төр ийнхүү өндрөөр үнэлэн энэхүү эрхэм хүндэт цолоор шагнагдсанд Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 13:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]