Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 05:18

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН-Д БАРААЛХАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав.

Элчин сайд Г.Хулан Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын халуун дотно мэндчилгээг Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д уламжилж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын Тамгын газар болон Монгол, Вьетнамын Парламент дахь Найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын засаглалын чиглэлээр туршлага солилцох, харилцан айлчлалыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх бодит боломж, нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Г.Хулан удахгүй тохиох БНСВУ тунхагласны түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Ассамблейн дарга болон гишүүдээр уламжлан Вьетнамын найрсаг ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа тэмдэглэв.

БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь Вьетнамын ард түмний төрийн эрх мэдлийн дээд төлөөллийн байгууллага бөгөөд тус улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг нэг танхимтай парламент юм. Тус Ассамблей нь нийт 500 гишүүнтэй, үүнээс 30 хувийг эмэгтэй гишүүд эзэлж буй нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чухал үзүүлэлт болж байна.

Чан Тань Ман нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргаар 2 дахь удаагаа улиран сонгогдсон төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 26, 2026 at 11:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]