Ministry of Foreign Affairs of Mongolia

07/22/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 01:39

🔷Монгол Улс–ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ

Монгол Улс-ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр боллоо.

Энэхүү хэлэлцээр нь нэг талаас Монгол Улс, нөгөө талаас ЕАЭЗХ болон түүний гишүүн Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд байгуулагдсан бөгөөд нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэж, гурван жилийн хугацаанд мөрдөгдөнө. Хугацаа дуусахад талууд өөрөөр тохиролцоогүй бол сунгасанд тооцох зохицуулалттай.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн 6 орны түвшинд 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Үүнд гаалийн тарифыг бүрэн тэглэх, 25 эсвэл 50 хувиар бууруулах, тарифын квот тогтоох зэрэг арга хэмжээ багтаж байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн гаалийн албан татварт хамаарна.

❇️Онцлох зохицуулалтад:

• Барааны өртгийн 50 хувиас дээш нь Монгол Улсаас гаралтай бол тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой

• Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгох

• 5,000 еврогоос доош үнийн дүнтэй барааны гарал үүслийн мэдүүлгийг үйлдвэрлэгч, экспортлогч өөрөө гаргах боломжтой.

Мөн талууд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, бичиг баримтын болон хяналт шалгалтын ачааллыг бууруулан, гадаад худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 22, 2026 at 07:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]