08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 21:37
COP17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ, ШИЙДЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд өнөөдөр "Санхүүжилтийн өдөр" үргэлжилж байна. Энэ өдрийн хэлэлцүүлэг газрын доройтол, ган, цөлжилтийн эсрэг шийдлүүдийг бодит санхүүжилттэй уялдуулах, төр, хувийн хэвшил болон Олон Улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд төвлөрч байна.
Монгол Улсын хувьд бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, газрын тогтвортой менежмент зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт татах боломжийг Олон Улсын түншүүдэд танилцуулах чухал өдөр болж байна.
✅ Санхүүжилтийн өдрийн арга хэмжээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцож, хотын ногоон шилжилтийн төслүүдийн санхүүжилт, Олон Улсын түншлэлтэй холбоотой хэлэлцүүлгүүдэд оролцлоо.
"COP17"-ийн өдрүүдэд манай компани Олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа ахиулж байна. Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт /GGGI/-тэй хамтран хөгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон төслүүдэд 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулсан.
➡️ Цаашид эдгээр төслийн бэлтгэлийг Олон Улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шаардлагад нийцүүлэх, хөрөнгө оруулалтын бүтэц, хэрэгжилтийн нөхцөлийг нарийвчлан боловсруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.