Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/20/2026 00:49

ГЕГ: Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа

Өнөөдөр /2026.08.20 / Улаанбаатар хот дахь гаалийн газарт "Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрт хамаарах бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх аргачлал" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт 116 аж ахуйн нэгжийн 135 төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрт хамаарах барааг экспортлох, импортлох үеийн гаалийн хяналт мөн бүрдүүлэлт хийх аргачлалын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр ОХУ, Беларусь, Казакстан, Армен, Киргиз зэрэг 5 улсаас импортлох болон монгол улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. Үүнд гаалийн тарифыг бүрэн тэглэх, 25 эсвэл 50 хувиар бууруулах, тарифын квот тогтоох зэрэг арга хэмжээ багтаж байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн гаалийн албан татварт хамаарах юм.

Үүнтэй холбогдуулан барааны гарал үүслийг шалгах, тарифын хөнгөлөлт эдлүүлэх, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор гаалийн байгууллага нийт 5 бүлэг, 34 үндсэн заалт, 2 хавсралт бүхий аргачлалыг батлан хэрэгжүүлж байна. Тус аргачлалд гаалийн лабораторийн магадлан шинжилгээнд заавал хамруулах болон хамруулах шаардлагагүй барааны жагсаалт, тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзах буюу гаалийн тарифыг өөрчлөх үндэслэл, хорио цээрийн хяналтад анхаарах зүйлс зэргийг тус тус багтаасан.

Иймд иргэд аж ахуйн нэгжүүд худалдааны түр хэлэлцээрт заагдсан 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлохдоо тарифын хөнгөлөлтөд хамрагдах барааны жагсаалт болон худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаалийн байгууллагаас баталсан аргачлалтай сайтар танилцах, бараагаа үнэн зөв мэдүүлж, гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтаа бүрэн гаргаж өгөх нь чухал гэдгийг гаалийн байгууллагаас онцолж байлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 06:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]