05/20/2026 | Press release | Distributed by Public on 05/20/2026 05:41
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай уулзлаа.
Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Хоорондоо харилцан уялдаатай хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор "Эрүүл монгол хүн" хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, түүний дотор хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эмнэлгүүд манлайлах үүрэгтэй оролцож байгааг онцоллоо.
Зарим томоохон хувийн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт төхөөрөмж нэвтрүүлэн, хавдар, зүрх, судас, мэдрэлийн өвчнийг эрт үед нь оношилж байна.
Мөн дурангийн болон роботын тусламжтай мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн нэгдсэн платформ ашиглаж эхэлжээ.
Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэх чиглэлээр Ерөнхийлөгч бодлогын дэмжлэг үзүүлж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Цаашид монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж, үйлчилгээ авдаг болохын төлөө эрт илрүүлэг, оношилгооны хамрах хүрээг тэлж, дундаж наслалтыг уртасгахын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.
Улсын хэмжээнд 220 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хүргэдэг.
Төвүүд 7 сая гаруй үзлэг хийж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа Өрхийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авдаг гэсэн статистик гарсан байна.
Энэ нь Өрхийн эмнэлгүүд иргэдтэй хамгийн ойр байж, эрүүл мэндийг нь хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, хяналт, гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр өдөр тутмын ачааллыг үүрдэг гэсэн үг юм.
Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийдэг болсон.
Төрийн тэргүүн санаачилга гарган, дэмжлэг үзүүлснээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол удахгүй "Сувилахуйн сургалт, судалгааны төв", "Уламжлалт анагаах ухааны үндэсний төв"-ийн бүтээн байгуулалт дуусна.
Ерөнхийлөгч мөн "Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв"-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг ажиллуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 43 хувь нь хувийн хэвшлийнх юм.
Ерөнхийлөгч "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Намнангийн Нарьяа, Хөвсгөл аймгийн "Хөвсгөл гурван гал" Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Жүгдэрийн Сүнжидмаа нарт Хүний гавьяат эмч, "Өнөлаб" лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ванчигийн Хадхүүд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.