Ministry of Foreign Affairs of Mongolia

07/28/2026 | Press release | Distributed by Public on 07/27/2026 19:29

Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг 2021-2026 онуудад амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд "Сүхбаатар" хөлөг онгоц болон нийт 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 80 орчим тонн шатахуун, тос тосолгооны материалыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах,нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулаа. Судлаачдын тооцооллоор 80 тн (80.000л) шатахуун Хөвсгөл нуурт асгарсан тохиолдолд нуурын мандлын 80,01kм2 талбайд шатах, тослох материал тархаж усан орчныг ихээр бохирдуулахаас гадна Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг хүртэл бохирдуулах эрсдэл байжээ.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун нь усны бичил амьтны орчинд илүү сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд 80,01 км2 талбайд шатах тослох материал тархсан тохиолдолд нуурын загас жараахай болон усны бичил организмын 50 хувийг үхэлд хүргэх, улмаар бичил амьтдын тоог бууруулж, том загасны идэш муудаж, тодорхой хугацааны дараа Хөвсгөл нуурын загас ховордохоос гадна 80 тн шатахуун ууршиж шатсан тохиолдолд 184 тн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд тархах эрсдэлтэй байсан байна. Тус ажиллагааг ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, төрийн болон нутгийн захиргаа, иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотойгоор хамтран зохион байгуулж, 184 тн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг таслан зогсоож, дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг тэг /0/ болгох зорилт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Монгол Улс бодит хувь нэмрийг оруулсан байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 28, 2026 at 01:30 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]