09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/04/2026 00:06
Дэлхийн тархвар зүйчдийн өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 07-ны өдөр тохиодогтой холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газраас Монгол Ви.И.Ти.Нэт ТТБ-тай хамтран мал эмнэлгийн салбарын тархвар зүйн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Тархвар зүйн сургалт"-ыг 2026 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Миссисипигийн их сургуулийн Мал эмнэлгийн коллежийн профессор, тархвар зүйч удирдан явуулж, тархвар зүйн судалгааны загвар, ажиглалтын болон асуумж судалгаа, өвчний дэгдэлтийн судалгаа, өвчний мониторинг, тандалт, системийн сэтгэлгээ зэрэг үндсэн сэдвээр онол, практик хосолсон хичээл зааж, олон улсын туршлага, арга зүйгээ оролцогчдод хуваалцлаа.
Сургалтад Мал эмнэлгийн ерөнхий газар болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллагын тархвар зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж, мал, амьтны өвчний тандалт, дэгдэлтийн судалгааг төлөвлөн хэрэгжүүлэх, тархвар зүйн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг практик үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Мал эмнэлгийн ерөнхий газраас тархвар зүйн мэргэжилтнүүдийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал, амьтны өвчний тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.