Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 23:12

ХОЁР ОРНЫ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙНХНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БНСУ-ын Хуурай замын цэргийн Инженерийн дарга, бригадын генерал Ли Хёк Жүн Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр Монгол Улс, БНСУ-ын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүдийн хамтарсан "Гүүр-2026" сургалт дадлагын явцтай танилцсан бөгөөд эрхэм зочныг 09 дүгээр сарын 09-ний энэ өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр хүлээн авч уулзаж, хоёр талын зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Хоёр орны Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд цэргийн инженерийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, ахлагчийн бүрэлдэхүүн сурган дадлагажуулах болон цаашдын хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.

Тэр дундаа тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгах сургалт дадлагыг хамтран зохион байгуулах боломж байгааг БНСУ-ын талаас илэрхийлж, хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд энэхүү түншлэл чухал байр суурь эзлэхийг онцлон тэмдэглэв.

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд талууд "Гүүр-2026" хамтарсан сургалт дадлага нь хоёр орны цэргийн инженерүүдийн онол, практикийн мэдлэгийг баяжуулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бодит "гүүр" болж буйг онцлон тэмдэглээд, хэлэлцсэн асуудлуудаа нэгтгэсэн хамтын ажиллагааны протоколд хурал даргалагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, бригадын генерал Ли Хёк Жүн нар гарын үсэг зурснаар энэхүү арга хэмжээ өндөрлөсөн юм.

Уулзалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа Нам Гён Жүн нарын хүндэт зочид болон Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Цэргийн алба, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Г.Отгонбаяр, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Мөнхбат нар оролцсон юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 05:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]