09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 20:58
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчид аа!
Хүндэт сурагчид аа!
Та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Энэ хичээлийн жил бол бидний хувьд онцгой түүхэн эхлэл юм. Аймагт анх удаа төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, авьяас, хүсэл тэмүүлэл, зорилго тэмүүллээрээ нэгдсэн сурагчдад мэдлэг, чадвар, хөгжлийн шинэ боломжийг нээх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйлсийн гарааг бид хамтдаа эхлүүлж байна.
Манай сургуулийн зорилго зөвхөн сайн сурлагатай сурагчдыг бэлтгэхэд бус, өөрийгөө хөгжүүлдэг, бүтээлчээр сэтгэдэг, эх орон, нутаг орноороо бахархдаг, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэхэд оршино.
Эрхэм хүндэт багш, ажилтнууд аа,
Шинээр байгуулагдсан сургуулийн анхны хамт олон болж, ирээдүйн олон зуун хүүхдийн боловсрол, хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэг бидэнд ногдож байна. Бид нэг зорилгын төлөө нэгдэж, чанартай боловсрол, хүүхэд төвтэй сургалт, мэргэжлийн ёс зүй, хамтын ажиллагаа, тасралтгүй хөгжлийг эрхэмлэн ажиллах болно.
Хүндэт сурагчид аа,
Та бүхэн бол энэ сургуулийн анхны үеийн сурагчид. Та бүхний хичээл зүтгэл, амжилт, бүтээлч санаа, зөв хандлага бүхэн манай сургуулийн түүхийн эхний хуудсыг бичих болно. Тиймээс өөртөө өндөр зорилго тавьж, мэдэхгүйгээ мэдэхийг хүсэж, чадахгүйгээ чаддаг болохын төлөө тууштай хөдөлмөрлөөрэй. Өнөөдрийн хичээл зүтгэл маргаашийн амжилтын үндэс болдог.
Эрхэм хүндэт эцэг, эх, асран хамгаалагчид аа,
Хүүхдийнхээ ирээдүйн төлөө бидэнд итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. Сурагч бүрийн авьяас, сонирхол, хүсэл мөрөөдлийг дэмжиж, сургууль-гэр бүл-хүүхдийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах нь бидний чухал зорилтын нэг байх болно.
Төрөлжсөн ахлах сургууль бол зөвхөн нэгэн шинэ сургалтын байгууллага бус, хүүхэд залуучуудын хөгжлийн шинэ боломж, ирээдүйн авьяас чадварын төв болон төлөвших их үйлсийн эхлэл юм.
Бидний эхлүүлж буй энэ шинэ зам мэдлэгээр баялаг, хөдөлмөрөөр баталгаажсан, амжилтаар гэрэлтсэн, ирээдүйгээр дүүрэн байх болтугай!
Шинэ хичээлийн жилдээ сурагчдадаа эрдэм номын өндөр амжилт, багш, ажилтнууддаа ажлын арвин бүтээл, эцэг, эхчүүддээ үр хүүхдийнхээ амжилтаар бахархах баярт мөчүүдийг хүсэн ерөөе.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨРӨЛЖСӨН АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Х.АСХАР
2026 оны 8 дугаар сарын 31