04/22/2026 | Press release | Distributed by Public on 04/21/2026 11:45
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа.
Худалдааны бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэн, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг үе шаттай бууруулах, гаалийн журмыг хялбаршуулан тээврийн дэд бүтцийг сайжруулах боломж бүрдүүлнэ.
Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.
Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх замаар харилцааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтарч ажиллана.
Санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлнэ.
Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, Төрийн сангийн шинэчлэл болон ногоон санхүүгийн салбарт харилцан туршлага судалж, мэдээлэл солилцоно. Олон улсын санхүүгийн байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
"Стратегийн түншлэл"-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Төрийн өмчит томоохон нэгдэл хооронд хамтын ажиллагааны суурь тавигдлаа. Олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, уул уурхай, эрдэс баялаг, түүний дотор чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт болон компанийн засаглалын чиглэлээр хамтарна.
Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх, олборлолт, боловсруулалтын чиглэлээр сайн туршлага нэвтрүүлэх, инженер, мэргэжилтэн бэлтгэх, эрдэс баялгийн тогтвортой менежмент, байгаль орчны хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллана.
Хотын харилцааг хөгжүүлэх, шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, засаглалын салбарт туршлага солилцож, хөрөнгө оруулалт татах, ухаалаг, тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарна.
Дэд бүтцийн холболт, хотын эдийн засаг, төр-хувийн хэвшлийн түншлэл, инженерийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан систем, соёл, аялал жуулчлал, логистик, нийгмийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
Түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулах, цаг үеийн мэдээлэл солилцох, зохиогчийн эрхтэй баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хамтарсан уран бүтээл бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэвлэл мэдээллийн салбарыг үйлдвэрлэлийн техник хэрэгслээр хангах, сурвалжлагчийн сүлжээний нөөцийг ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Судалгааны хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг өргөжүүлэн, экологи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, геологи, зайнаас тандан судлалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох боломж бүрдлээ.
Олон улсын харилцаа, аюулгүй байдал, бодлогын судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан судалгаа хийнэ. Судлаачдыг сургаж, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт зохион байгуулна.
Нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн адил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил хийнэ. Түрэг, Уйгур зэрэг улсын түүхийг "Чингис хаан" Үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэнэ.
Найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Нийгэм, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.
Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, "Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон "КазТрейд" Худалдааны бодлогын хөгжлийн төв" ХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулж, экспортыг дэмжих боломжит бараа, үйлчилгээг сурталчлан таниулах, гуравдагч улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Монголын залуучуудын холбоо болон Казахстаны залуучуудын конгресс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн хамтарсан санаачлагыг дэмжих, соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бизнес эрхлэх чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
Өдгөө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэраээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.