08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 10:10
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дарга Б.Батцэцэг 8 дугаар сарын 26-ны өдөр болсон "Хүсэл эрмэлзлээс бодит үйл хэрэгт: Риогийн конвенцуудын уялдаа холбоог хэрэгжүүлэх нь" (From Ambition to Action: Delivering Rio Convention Synergies) сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэг нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD), Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)-ын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдаа холбоог бэхжүүлэх, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлын харилцан хамаарал бүхий сорилтуудыг нэгдсэн байдлаар шийдвэрлэх боломж, арга замыг хэлэлцэх зорилготой юм.
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ газрын доройтол, цөлжилт, ган, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол нь харилцан шүтэлцээтэй тул тэдгээрийг салангид бус, нэгдсэн бодлого, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Мөн 2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурал дараалан зохион байгуулагдаж буй нь Улаанбаатараас Ереван, Анталия хүртэлх улс төрийн бодит үйл ажиллагаа, үр дүнд шилжүүлэх онцгой боломж бүрдүүлж буйг тэмдэглэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид Риогийн гурван конвенцын хүрээнд дэвшүүлсэн зорилго, амлалтыг үндэсний болон орон нутгийн түвшинд бодит үр дүнд хүргэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай төвлөрүүлэх, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагыг бодлого боловсруулах үйл явцтай уялдуулахын ач холбогдлыг онцоллоо.