08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/25/2026 08:14
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Абдул Авал Минтотой өнөөдөр уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Бангладеш Улс COP17-д өндөр түвшинд, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тус улсын хуримтлуулсан туршлага, санал санаачилга нь бага хурлын хүрээнд өрнөж буй яриа хэлэлцээнд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Талууд Монгол, Бангладешийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол, Бангладешийн худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг дэмжих замаар хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр сайн туршлага солилцох, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.