Ministry of Foreign Affairs of Mongolia

07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 23:54

Хотын зурвас: “Сүүлчийн пүрэв”-ийг үргэлж сана

Б.Будхүү

Айлууд тагт дээрх аваарын шатаа дарж эд хогшлоо хураачихсан байсан учраас гал түймрийн үеэр хүмүүс утаажилтын бүсээс гарч чадахгүй байв. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж 100 гаруй иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. Хэрэв галын тархалт их, дэлбэрэлт болох эрсдэлтэй байсан бол энэ байдал маш муу үр дагаврыг дагуулах байлаа гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлснийг санаж суулаа.

Энэ бол өчигдөр "Цэнгэлдэх" хотхонд гарсан гал түймрийн дараах мэдээлэл. Харин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд зориулан зохион байгуулж буй сургалт, дадлагын үйл ажиллагаанд оролцож байна. Бидэнд зориулсан хичээлүүдээс хамгийн энгийн боловч тун чухал нэгийг нь онцлон олон нийтэд хүргэхээр шийдэв.

"Сүүлчийн пүрэв"-ийн тухай. Утга нь их энгийн. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт өрх гэр, албан байгууллага, ажлын байрныхаа галын дохиолол, гал унтраагуур, галын хорны хугацаа, бүрэн бүтэн байдал, аюулгүй гарц, шат, цахилгааны самбар, утас, залгуур, зуух, яндан, галлагааны төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг заавал шалгаад хэвшчих л гэсэн үг.

Хэрэв эвдрэл, гэмтэл гарсан бол засаж янзлаад өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалаад сурчих гэж онцгой байдлын байгууллагаас уриалж, хүсэж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ та, бидний аюулгүй, эрсдэлгүй байдлын төлөө гуйж, царайчилж байна шүү дээ.

Иргэдийн 70 гаруй хувь гэр, орон сууц, барилга байгууламжийнхаа цахилгааны холболтыг өөрсдөө хийдэг, цахилгааны утасны зэс, хөнгөн цагаан гол хоёрыг залгаад туузаар ороочихдог, 220 вольт хүчдэл ашигладаг Монгол Улстай адилгүй буюу бага хүчин чадалтай Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн цахилгааны утас хэрэглэдэг зэрэг гал түймрийн шалтгааныг нэрлэж байв. Бидний эргэн тойронд анзаарагдамгүй өрнөдөг, байдаг л мэт үйл явдлууд асар их эрсдэл дагуулж байдаг.

Цахилгааны аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдэлтэй гал түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирох, эрүүл мэндээ алдах, хамгийн харамсалтай нь хүний амь нас хохирох тохиолдлууд буурахгүй байна. Гэр бүлээрээ үрэгдсэн хэргүүд ч бий. Хэрэв гал унтраагуур байгаа тохиолдолд эхний гурван минутад галыг унтраах боломжтой, гал түймрийн үеэр хүн 1-3 удаа утаа амьсгалахад л орон зайн баримжаагаа алддаг, гал түймрийн үеэр амиа алдсан хүмүүсийн 90 хувь нь угаартаж нас барсан байдаг гэх зэргээр хичээл үргэлжилнэ.

Сэтгүүлчдэд зориулсан сургалт, дадлагын үйл ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 28-нд Үндэсний аврах бригадын байршилд зохион байгуулсан юм. Эл өдрийг сонгосон нь үргэлж бэлэн байдалд байдаг онцгой албаныхны хувьд санамсаргүй тохиолдол биш байв. "Сүүлчийн пүрэв"-н утга учрыг илүү ойлгосон би гэртээ харьж ирүүтээ цахилгааны самбараа, тагтны байдлаа, хэдэн залгуур, уртасгагчаа, анхны тусламжийн хайрцгаа хүртэл шалгасан юм. Харин гал унтраагуур буюу галын хор манайд байсангүй. Авах ёстой ажээ. Цаашид "сүүлчийн пүрэв"-ийг ч үргэлж санах ёстой. Энэхүү бичвэрийг уншиж буй бол аюулгүй амьдралынхаа төлөө энэ өдрийг битгий мартаарай.

Энэхүү бичвэрийг 2026 оны тавдугаар сарын 28-нд болсон сургалтын дараа бичсэн болно.

Эх сурвалж:Bpress.mn

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 30, 2026 at 05:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]