08/12/2026 | Press release | Distributed by Public on 08/11/2026 22:16
"АЛТАЙГ СОНС" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОВД АЙМГИЙН 8 ХҮҮХЭД ХАМРАГДЛАА
БНХАУ-ын Шиньжян-Уйгурын Өөртөө Засах Орны Алтай аймгийн урилгаар зохион байгуулсан "Алтайг сонс" эрүүл мэндийн үзлэг, оношилгоо болон туршлага солилцох үйл ажиллагаанд Ховд, Баян-Өлгий аймгийн нийт 12 хүүхэд хамрагдлаа.
Тус үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Шиньжян-Уйгурын Өөртөө Засах Орны Алтай аймагт зохион байгуулагдаж, Ховд аймгаас 8, Баян-Өлгий аймгаас 4 хүүхэд, чиглүүлэгч, мэргэжилтнүүдийн хамт нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.
Тус багийг Алтай аймгийн Найрамдлын нийгэмлэгийн үйлчилгээний төвийн дэд дарга Ц.Баярт тэргүүтэй хамт олон хүлээн авч, хүүхдүүдийг сонсголын үзлэг, оношилгоонд хамруулах, туршлага солилцох болон бусад үйл ажиллагааг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
СОНСГОЛЫН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО
Үйл ажиллагааны хүрээнд 12 хүүхдийг сонсголын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж, сонсголын түвшин, хэрэгцээнд нь тохирсон сонсголын аппарат сонгон тохируулж, хандивлалаа.
Мөн эмчийн зөвлөгөө өгч, сонсголын аппаратын зөв хэрэглээ, арчилгааны талаар мэдээлэл хүргэлээ. Үзлэг, оношилгооны үр дүнд 2 хүүхдэд чихний цэвэрлэгээ хийлгэх болон шаардлагатай эмчилгээ хийлгэх зөвлөмж өгсөн байна.
ТУРШЛАГА СУДАЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв, тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, боловсрол, нөхөн сэргээх үйлчилгээний сайн туршлагаас суралцлаа.
Мөн Алтай аймгийн байгаль, түүх, соёлын онцлогтой танилцаж, одон орон судлалын музей болон Бурчин шянь, Канас, Убаньли Фэнцзинь гудамж, Цицайхэ, Үцайтань, Шэньсянь, Юэлян, Волун булан зэрэг аялал жуулчлалын бүс нутгуудаар зочилж, хүүхдүүдийн танин мэдэхүй, нийгмийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаанд хамрагдлаа.
Цаашид Ховд аймаг болон Алтай аймгийн холбогдох байгууллагуудын хооронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нөхөн сэргээх үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох, ажлын байрны сургалт, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулах саналыг дэвшүүллээ.
Энэхүү үйл ажиллагаа нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж, хэрэгцээнд нь тохирсон сонсголын аппаратаар хангахаас гадна хүүхдийн боловсрол, нөхөн сэргээх үйлчилгээ, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн бодит үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Хятад хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, оролцоо, сайн сайхны төлөө хамтран ажиллах гүүр, холбоос болж чадсанаараа онцлог байлаа.
Хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөх сайн үйлсийн гүүр улам бат бөх байх болтугай.