09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 21:18
Маршал Ю.Цэдэнбал төр, засгийн удирдлагад ажилласан он жилүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн юм. Тухайн үед Монгол Улсын соёл, урлагийн салбарын тогтолцоо өргөжин бэхжиж, соёлын үйлчилгээг орон нутагт хүргэх суурь бүрдсэн билээ. Улсын драмын болон дуурь, бүжгийн театр, Үндэсний дуу, бүжгийн чуулга, Хүүхэлдэйн театр, Улсын филармони зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжиж, аймаг, орон нутагт театр, соёлын ордон, клубийн сүлжээ хөгжсөн байна.
Мөн музей, номын сангийн тогтолцоо өргөжин, Улсын төв музей, Дүрслэх урлагийн музей, орон нутаг судлах музейнүүд, улсын болон орон нутгийн номын сангуудын үйл ажиллагаа хөгжиж, кино үйлдвэр, кино театр, кино цэгүүдээр дамжуулан соёл, урлагийн үйлчилгээг нийслэлээс орон нутагт хүргэх хүрээ тэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 304 дүгээр тогтоолоор Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, ойн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад хариуцуулсан.
Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг хариуцан, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бусад оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байна.
Ойн хүрээнд Маршал Ю.Цэдэнбалын Монгол Улсын тусгаар тогтнол, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах, түүхэн өвийг хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгаа, соён гэгээрүүлэх, соёлын болон олон нийтийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулна.