01/29/2026 | Press release | Distributed by Public on 01/28/2026 21:41
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Грийн групп"-д ажиллалаа.
"Грийн групп" нь "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч "Талын Монгол" гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.
Есөн сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл танилцууллаа.
"Хүнсний хувьсгал"-ын дүнд сүүлийн хоёр жилд хүчин чадлаа өргөтгөн гадаадын улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувиар эн тэнцүү, харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэнд группын удирдлагууд талархал илэрхийллээ.
"Грийн групп" гадаад зах зээлд хэдийн байр сууриа эзэлж, "Талын Монгол" брэндээ Хятад, Орос, Турк, Казахстан, Узбекистан, Киргиз Улсад нийлүүлж байна.
24 га талбайд Үйлдвэр, технологийн парк байгуулж, 2,000 гаруй том, жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг.
Зургаан охин компанитай энэ групп 30 гаруй брэндийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
2022-2025 онд "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосон.
Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдэн, 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.
"Хүнсний хувьсгал"-д нэгдэж, олон ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа "Грийн групп" болон бусад бүх аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх оронч худалдан авалт хийж байхыг иргэдэд уриаллаа.