08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 06:56
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дарга Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр COP17-ын Бэлчээрийн асуудлаарх Сайд нарын түвшний яриа хэлэлцээг удирдлаа.
Тус арга хэмжээнд улс орнуудын сайд, төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, бэлчээрийн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бэлчээр нь хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, биологийн олон янз байдал болон уур амьсгалын тэсвэржилтийг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэж, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид нь зөвхөн бодлого, хөтөлбөрийн үр шим хүртэгч бус, харин байгалийн нөөцийн хамгаалагч, уламжлалт мэдлэг тээгч, бэлчээрийн тогтвортой менежментийн гол түншүүд болохыг тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан нь бэлчээрийн ач холбогдлыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах, малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн оролцоо, дуу хоолойг олон улсын бодлого, шийдвэр гаргах үйл явцад бэхжүүлэх чухал боломж бүрдүүлж буйг онцлов. Энэ хүрээнд COP17 нь Олон улсын жилийн зорилгыг бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, түншлэлтэй уялдуулах чухал талбар болж байгааг тэмдэглэлээ.