04/15/2026 | Press release | Distributed by Public on 04/14/2026 23:27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй "Эх түүх-Нэг Монгол" уриатай "Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн" Төрийн ордонд эхэллээ.
Зөвлөгөөнөөр түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэнэ.
Тухайлбал "Түүхийн боловсрол: Өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага", "Монголын түүхийн судалгааны сүүлийн үеийн үр дүн, чиг хандлага", "Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа" сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, оюун санаа, үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх, соёлын дархлааг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн түүхийн багш, түүхч, эрдэмтэн судлаач нарт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Монголчуудын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх гэдгийг тэмдэглэлээ.
Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртайг хэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, бусад яам, холбогдох газар, их сургуулиудын хамтран зохион байгуулж буй "Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн"-д бүх шатны сургуулийн түүхийн багш, яам, агентлаг, музейн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач гээд 600 гаруй хүн оролцож байна.
"Түүхийн багш нарын улсын зөвлөгөөн"-ийг таван жил тутам зохиож байхаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Мөн эх түүхээ судлан мэдэж, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.