09/10/2025 | Press release | Distributed by Public on 09/10/2025 21:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы "Ёс зүйн нийгэмлэг"-ийн тэргүүн Ито Наоко-г энэ сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа хоёр талын үе үеийн төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтнүүд, ард иргэдийн сэтгэл, зүтгэлийн үрээр эдүгээ "хүн төвтэй" "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буй гэв.
Тэрээр Монгол, Японы соёл, урлагийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэнд, эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах зэрэг өргөн хүрээний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд хатагтай Н.Ито-д талархал илэрхийлээд Н.Ито-гийн санаачилгаар Улаанбаатар хотноо Монгол, Японы хамтарсан "Ёс жудаг" уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэгдэж буйд баяр хүргэв.
Н.Ито энэхүү хамтарсан үзэсгэлэнгээр дамжуулан Монгол, Японы найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй буй гээд цаашид эл чиглэлд үргэлжлүүлэн идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Японы хамтарсан "Ёс жудаг" уран бичвэрийн II үзэсгэлэн 2025 оны 09 дүгээр сарын 10-наас 20-ны өдрүүдэд "Чингис хаан" Үндэсний мүзейд зохион байгуулагдаж, хоёр талын улс төр, соёл, урлаг, олон нийтийн байгууллага, найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн 40 гаруй бүтээл дэлгэгдэж буй.
"Ёс жудаг" уран бичвэрийн анхдугаар үзэсгэлэн Улаанбаатар хотноо 2018 онд зохион байгуулагдсан.
Японы "Ёс зүйн нийгэмлэг" нь 1980 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хувь хүний ёс зүй, хүмүүжил, ёс суртахууны төлөвшилтэд чиглэсэн яриа, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, сэтгүүл гаргах зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж буй.