09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 01:04
Зуунмод сумын төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдалтай холбоотой иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу сумын Онцгой комисс 9 дүгээр сарын 2-ны өдөр хуралдаж, төвлөрсөн хогийн цэгийн галын голомтыг яаралтай шороогоор дарж, унтраах шийдвэрийг гаргасан.
Шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Номтын аманд зөвшөөрөлгүй асгасан шороог зөөвөрлөн төвлөрсөн хогийн цэгт буулгаж, хог хаягдлыг дарж булан, галын голомтыг унтраах ажлыг зохион байгуулж байна.
Мөн Номтын аманд зөвшөөрөлгүй асгасан шороог зөөвөрлөсний дараа тухайн талбайг тэгшлэн, хэвийн байдалд нь эргэн оруулж байна.
Нийт 200 хово машинаар 3200 м³ шороо зөөвөрлөн төвлөрсөн хогийн цэгт буулгаж, ковшоор шороог түрж тэгшлэн галын голомтыг бүрэн дарж унтраах юм.
Цаашид Зуунмод сумын зүгээс төвлөрсөн хогийн цэгийн асуудлыг урт хугацаанд шийдвэрлэх хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч, төлөвлөн ажиллахаар зорьж байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгийн асуудалд онцгойлон анхаарч, цаашид тогтвортой, урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэн ажиллана.