President of Mongolia

10/12/2024 | Press release | Distributed by Public on 10/12/2024 06:18

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар (цаашид "Талууд" гэх) албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар найрсаг, ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд санал солилцов.

3. Төрийн тэргүүн нар Монгол Улсаас тус улсад анх удаа хэрэгжүүлж буй дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэв.

4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан "Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь" сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, туркменистаны төр, Засгийн газар уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

5. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Туркменистаны Тусгаар тогтнолын цогцолборт цэцэг өргөв.

6. Монгол, Туркменистаны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор холбогдох яам, байгууллага хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, туршлага солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тогтов.

Төрийн тэргүүн нар Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг судлахаар тохиров.

7. Талууд харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал, Туркменистан Улсын Үндэсний Их Хурал (Межлис)-д тус тус найрамдлын бүлэг байгуулж, харилцан айлчлал, хамтарсан хурал, семинар, арга хэмжээг зохион байгуулахаар тогтов.

8. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааг өргөжүүлэхэд Монгол Улс, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэгтэйг тэмдэглэж, хоёр улсын 2015 онд байгуулсан Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулахаар тохиров.

9. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын "Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр" болон "Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр" байгуулсныг талууд сайшаав.

10. Энэ хүрээнд Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.

11. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцлов.

12. Энэ хүрээнд талууд "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг тус тус байгуулав.

13. Талууд хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудалд онцгой анхаарч, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын цөлжилттэй тэмцэх туршлагатай уялдуулан хамтран ажиллахаар тохиров.

14. Талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон орчин цагийн ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт, байгуулалтын хүрээнд "Аркадаг" хотын бүтээн байгуулалтын талаар туршлага судлах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

15. Олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын төлөөх Туркменистан Улсын баримталж буй төвийг сахих бодлогыг монголын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

16. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг өндрөөр үнэлж, Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогыг туркменистаны тал дэмжихээ илэрхийлэв.

17. Талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын ач холбогдлыг тэмдэглэж, тээвэр, худалдааны саад, тотгорыг арилгах асуудлыг судлахаар тогтов.

18. Ашхабад дахь НҮБ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны Төв Азийн бүсийн төв, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг талууд онцлов.

19. Үүнтэй холбогдуулан "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр"-т оролцох асуудлыг туркменистаны тал ойрын хугацаанд судлахаар болов.

20. Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдал, хар тамхины хууль бус наймаа, терроризм, экстремизмтэй тэмцэх болон хүмүүнлэгийн чиглэлээр хоёр талын хүрээнд болон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй буйгаа талууд нотлов.

21. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  1. "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр";
  2. "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр";
  3. "Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  4. "Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг";
  5. "Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр";
  6. "Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр";
  7. "Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг" зэрэг болно.

22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон туркменистаны ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Ашхабад хот, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр