Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/02/2026 05:07

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА С.ЦОГБАЯР ЭРДЭНЭ СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Хүүхэд багачуудын инээд хөөр цалгиж, багш нар шинэ зорилго, шинэ эрч хүчээр ажлаа эхлүүлдэг хичээлийн жилийн эхний өдрөө Эрдэнэ сумын цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн хамт олон ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлээ.

Эрдэнэ-Политехник коллеж нь 1955 онд Архустайн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагдаж байсан тус сургууль өнөөдөр 71 жилийн түүхийг бүтээж, үе үеийн мянга мянган мэргэжилтэй ажилтан, баялаг бүтээгчдийг эх орныхоо хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан хамт олон юм. Тус коллеж нь 540 гаруй оюутан суралцагч, 60 орчим багш, ажилтантайгаар мэргэжлийн болон техникийн боловсролын 15 сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсээ ийнхүү үргэлжлүүлж байна.

Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль 2026-2027 оны хичээлийн жилд 22 бүлгийн 683 суралцагч, 29 багштайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Багш нарын 55 хувь буюу 16 багш магистрын зэрэгтэй байгаа нь тус сургуулийн хүний нөөц, мэргэжлийн чадавхын нэгэн чухал үзүүлэлт юм. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн сурагчид элсэлтийн Ерөнхий шалгалтаа амжилттай өгч аймгийн дунджаас ахисан үзүүлэлт үзүүлэн, элсэлтийн шалгалтын үр дүнгээр аймагтаа 4 дүгээр байрт эрэмбэлэгдсэн амжилт гаргажээ. Мөн улсын төрөлжсөн олимпиадын II даваанд багийн нийлбэр дүнгээр 5 дугаар байрт шалгарсан нь сургалтын чанар, сурагчдын мэдлэг чадвар ахиж байгааг харуулсан бас нэгэн бахархам амжилт болжээ.

Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэг 1960 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн турш үе, үеийн хүүхэд багачуудын хөгжлийн суурийг тавьж ирсэн арвин түүхтэй байгууллага юм. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэг 2-5 насны 186 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, хамран сургалтыг 91.1 хувьд хүргэн ажиллаж байна. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, нийт багш нарын 70 хувь нь мэргэжлийн зэрэгтэй байгаа нь сургалтын чанар, хүүхдийн хөгжилд чиглэсэн ажлын үндэс суурь болж байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаярын зүгээс "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийг зөвхөн багшид даатгаад орхих бус эцэг эх, асран хамгаалагчдын оролцоотойгоор хүүхдээ дэмжиж, тэдний асуулт, асуудлыг сонсож, хийсэн жижигхэн бүтээл бүрийг нь урамшуулж, амжилт бүрээр нь бахархаж, урам өгч байхыг уриаллаа. Мөн боловсролын бүх шатны байгууллагууд өмнөх хичээлийн жилийн амжилтаа ахиулж, хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээ, авьяас чадварыг дэмжиж, сурагч нэг бүрийн амжилтыг нэмэгдүүлэхэд шинэ хичээлийн жилдээ улам их анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ".

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2026 at 11:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]