Ministry of Foreign Affairs of Mongolia

01/27/2026 | Press release | Distributed by Public on 01/27/2026 20:59

Tragedy The first head of the Aviation Meteorological Center, the elderly Damdiny Damba, passed away on January 25, 2026 due to illness.

Нислэгийн цаг уурын төвийн анхны дарга, ахмад настан Дамдины Дамба өвчний улмаас 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр таалал төгслөө. Дамдины Дамба нь 1933 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян сумын нутаг Агацын гол гэдэг газар Дамдины тав дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 1943 онд Баян сумын бага сургуульд, 1947 онд Биндэр сумын дунд сургуульд элсэн суралцаж, 7 дугаар ангиа төгссөн. Улмаар 1950 онд Хэнтий аймгийн 10 жилийн сургуулийн 8 дугаар ангид шилжин орж, 1953 онд Бүрэн дунд боловсрол эзэмшиж, МУИС-ийн Тоо-Физикийн ангид элсэн суралцаж, 1958 онд цаг уурын инженер мэргэжлээр төгссөн байна. Тэрээр 1958 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн үеийн нисэх орчимд байрлаж байсан Ус, цаг уурын урьдчилан мэдээлэх товчоонд дагалдан инженерээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн ба улмаар цаг уурын салбарт тасралтгүй 33 жил үр бүтээлтэй ажилласан юм. 1967-1991 онд Нислэгийн цаг уурын төвийн даргаар 24 жилийн турш ажиллахдаа Иргэний агаарын тээврийг нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан, олон улсын түвшинд нийцсэн цаг агаарын мэдээ, мэдээллээр хангах тогтолцоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулжээ. Байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчнийг сургаж, тогтвор суурьшилтай ажиллуулах үндэс суурийг тавьсан гавьяатай удирдагч байв. Д.Дамба нь цаг уурын шинжлэх ухааны судалгаанд чухал хувь нэмэр оруулж, Буянт-Ухаа нисэх буудлын орчимд утаа өтгөрөх үзэгдлийг нарийвчлан судалж, "Буянт-Ухаа нисэх буудалд утааг урьдчилан мэдээлэх зөвлөмж"-ийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн өмнөдийн циклоны гүнзгийрэлтийг судалж, 1966 онд болсон Туул голын үерийн шалтгааныг аэросиноптикийн үүднээс шинжилсэн "1966 оны 7 дугаар сарын Туул голын үерийн аэросиноптикийн нөхцөл" илтгэлийг эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлж байв. Түүнчлэн иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр хангахтай холбоотой дүрэм, журам, заавар боловсруулж, орон нутгийн инженерүүдэд зориулсан сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж, олон улсын онол-практикийн хурлуудад илтгэл тавьж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр мэргэжлийн ажлын зэрэгцээ спортын салбарт өндөр амжилт гаргасан тамирчин байв. 1953-1975 онд хөнгөн атлетикийн спортын мастер болж, өндрийн харайлт, тулгууртай харайлтаар улсын рекордыг 4 удаа шинэчилж, улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа түрүүлэн, Бүх ард түмний спартакиадаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бахархам амжилтын эзэн юм. Мөн ан амьтан, байгаль хамгаалах үйлсэд зориулан "Өвгөн анчны тэмдэглэл" I, II, III ботийг 2008-2013 онд бичиж туурвисан нь түүний нийгэмд үлдээсэн үнэт өв юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1976 онд "Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан", 1985 онд "Ус, цаг уурын албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр, 2025 онд "Алтан гадас" одонгоор шагнажээ. Талийгаач нь төрийн албанд олон жил үнэнчээр зүтгэж, байгууллага хамт олноо манлайлан удирдаж, хариуцлага, ёс зүй, манлайллын үлгэр дуурайлал болж явсан эрхэм хүн байлаа. Түүний төр, түмний төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл, үнэтэй хувь нэмэр нь цаг хугацааны уртад мартагдахгүй, үеийн үед дурсагдан үлдэх болно. Эрхэм хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, ар гэр, төрөл төрөгсөд, хамт олон, ойр дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 28, 2026 at 02:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]