09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/18/2026 02:01
2026-2027 хичээлийн жилийн 1-Р АНГИЙН СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ
1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг танин мэдэхүйн хөгжил, хэл ярианы хөгжил, бие бялдарын хөгжил гэсэн үндсэн 3 чиглэлээр үнэлж дүгнэв.
Үнэлгээнд хамрагдсан хүүхдүүдийн ерөнхий бэлтгэгдсэн байдал сайн, сургуульд суралцахад шаардлагатай анхан шатны мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байдал ажиглагдлаа. Танин мэдэхүйн хөгжлийн хувьд хүүхдүүдийн юмс үзэгдлийг ажиглах, ялгах, харьцуулах, өнгө дүрс, тоо хэмжээний талаар ойлголттой байх, өгсөн зааврыг ойлгон дагаж гүйцэтгэх чадвар ерөнхийдөө сайн байна.
Хэл ярианы хөгжлийн хувьд хүүхдүүд өөрийн бодол санаа, үзэл бодлыг илэрхийлэх, асуултад хариулах, сонсож ойлгох, үг хэллэгийг зөв хэрэглэх чадвар эзэмшсэн байна. Цаашид хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх, зөв тод дуудлага, бүтэн өгүүлбэрээр ярьж сурах, сонсох чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.
Бие бялдарын хөгжлийн хувьд хүүхдүүдийн хөдөлгөөний эвсэл, гар хурууны жижиг булчингийн хөгжил, том булчингийн хөдөлгөөн, өөртөө үйлчлэх чадвар ерөнхийдөө насны онцлогт тохирсон, сайн түвшинд байна.
Нийт хүүхдүүдээс цэцэрлэгт хамрагдаагүй 4 хүүхэд, айлд байдаг 3 хүүхэд байгаа бөгөөд бусад хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Цэцэрлэгт хамрагдаагүй болон айлд байдаг хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг цаашид анхаарч, танин мэдэхүй, хэл яриа, бие бялдарын хөгжлийг дэмжих нэмэлт үйл ажиллагаа, дасгал тоглоомоор ханган ажиллах нь зүйтэй.
Дүгнэж хэлэхэд, нийт хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний ерөнхий үр дүн сайн гарсан бөгөөд 1-р ангид элсэн суралцахад шаардлагатай суурь чадваруудыг эзэмшсэн байна. Цаашид хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохируулан дэмжлэг үзүүлж, сургуульд амжилттай дасан зохицох, суралцах сонирхлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.