Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 20:23

СОР17:МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТЖЭЭ

Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлсэн Цөлжилтийн атласын шинэчилсэн судалгааны үр дүнг COP17-ийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүллээ.

Монгол орны байгаль орчин, уур амьсгалын хувьсал өөрчлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, төр, нийгэм, эдийн засгийн салбаруудыг бодит мэдээллээр хангах үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ын ГЗГЭХ, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран боловсруулсан бүтээлийг та бүхэндээ танилцуулж, гол үр дүн, анхаарах асуудал, талуудын оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

"Монгол орны цөлжилтийн атлас" нь нэрийн хувьд цөлжилтийн асуудлыг хөндөж буй боловч агуулгын хувьд үүнээс хавьгүй өргөн хүрээтэй. Уур амьсгалын хүчин зүйл, ган, хуурайшилт, хөрсний ус болон салхины элэгдэл, хөрсний химийн доройтол, усны нөөц, биологийн доройтол, бэлчээр, ой хээрийн түймэр зэрэг байгаль орчны үзүүлэлтүүдийг хүн ам, малын тоо, хот суурин, зам зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй уялдуулан харуулсан нь цөлжилт, газрын доройтлыг цогцоор нь ойлгох боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү бүтээл нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжлийн бодлого, газар ашиглалт, усны нөөц, бэлчээр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, гамшгийн эрсдэл, байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоход ашиглах суурь мэдээлэл, шийдвэр гаргалтын чухал эх сурвалж болно.

Монгол орны цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Түүнээс нэн хүчтэй 0.6 хувь, хүчтэй 9.4 хувь, дунд 43.2 хувь, сул 28.7 хувь, илрээгүй/өөрчлөлтгүй 18.1 хувь тус тус байна.

Энэхүү атлас өнгөрснийг танин мэдэх, өнөөдрийн шийдвэрийг гаргах, ирээдүйн хөгжлийг төлөвлөх хэн бүхний гарын авлага байж, Монгол орны газрын доройтол, цөлжилтийг сааруулах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Атласыг 1991-2025 оны ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээлэл, хиймэл дагуул, зайнаас тандан судлалын өгөгдөлд тулгуурлан боловсруулсан.

Судалгааны гол үр дүнгээс:

- Нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь цөлжилт, газрын доройтолд өртсөн;

- 93.3%-д хөрсний чийг буурах хандлага илэрсэн;

- Нийт гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна;

- Нийт нутгийн 53.5%-д ган эрчимжих хандлага ажиглагджээ.

Шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 19, 2026 at 02:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]