08/09/2026 | Press release | Distributed by Public on 08/09/2026 03:32
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Ерөнхий сайдын Ажлын алба болон Эрчим хүчний яамны холбогдох газрын дарга нарын төлөөлөл 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр "ДЦС-3" ТӨХК-д ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, засвар шинэчлэлийн ажлын хэрэгжилттэй газар дээр нь танилцан, компанийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэж, засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэн, эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэл өглөө.
Мөн уулзалтын үеэр "ДЦС-3" ТӨХК-ийн Турбингенератор №5-ыг 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх шийдвэр гарсан нь компанийн хамт олон болон салбарын хувьд онцлох, баяртай үйл явдал боллоо. Тус турбиныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх саналыг 2020 оноос хойш тавьж байсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж буй "ДЦС-3" ТӨХК-ийн нийт инженер, техникийн ажилтан, ажилтнуудад талархал илэрхийлж, 2026-2027 оны өвлийн их ачааллыг амжилттай давж, улс орны эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.