07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 20:28
"АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО (APTA)-НЫ ЕРӨНХИЙ АССЕМБЛЕЙН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны /APTA/ Ерөнхий ассамблейн 10 дугаар хурал өнөөдөр /2026.07.23/ боллоо. Хурлын үйл ажиллагааг нээж, Дотоод хэргийн их сургуулийн захирал, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн их сургууль, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч генерал Ким Ки Жонг нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ удаагийн хуралд хүндэт гишүүн байгууллагын удирдлага 9 орны 14 гишүүн байгууллагын 38 төлөөлөгч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой.
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь Азийн 19 улсын 35 институт, 4 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хууль сахиулах байгууллагын боловсрол, сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх бүс нутгийн нэр хүндтэй, нөлөө бүхий мэргэжлийн холбоо юм. Ерөнхий Ассамблейн 9 дүгээр хурлаар Эрдмийн хороо, Хэвлэлийн хороог үүсгэн байгуулсан. Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2015 онд элсэн орж, жил бүр зохион байгуулдаг Ерөнхий ассамблейн ээлжит хурал (GAAM), Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Оюутны их наадам (PASFA), Оюутны эрдэм шинжилгээний хурал, Ажлын хэсгийн хурал зэрэг үйл ажиллагаанд оролцож ирсэн юм. Манай их сургууль Эрдмийн хороог ахлан ажиллаж байна.
Дотоод хэргийн их сургуулийн захирал Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд:
"Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн ээлжит 10 дугаар хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Холбооны зүгээс энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улсад зохион байгуулах боломж, үүрэг хариуцлага, итгэл өгснийг бид өндөр нэр төрийн хэрэг хэмээн үзэж, хичээл зүтгэл, үр дүнгээр илэрхийлэхээр ажилласныг онцлон тэмдэглэе.
Бид ирээдүйн хууль сахиулагчдыг зөвхөн мэргэжлийн мэдлэгтэй төдийгүй хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, олон улсын түвшинд хамтран ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна. Өнөөдрийн энэхүү хурал нь бидний нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, мэдлэг, туршлагын солилцоог улам бэхжүүлж, шинэ санаа, шинэ түншлэл, шинэ боломжуудыг нээх болно гэдэгт итгэл төгс байна" гэж онцлон хэлсэн юм.
Энэ үеэр Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны 2024-2028 онд хэрэгжүүлж байгаа стратеги төлөвлөөг танилцуулан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын аюулгүй байдлын академи тус холбооны гишүүнээр элслээ. Мөн хуралд оролцож буй гишүүн байгууллагууд танилцуулгаа хийснээр хурал өндөрлөв.
Хурлын үйл ажиллагааг дэмжсэн МУ-ын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, гишүүн байгуулагуудадаа талархал илэрхийлье.