President of Mongolia

03/20/2026 | Press release | Distributed by Public on 03/20/2026 07:18

“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ

"Завхан баялаг" ХК "Хүнсний хувьсгал"-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Завхан аймгийн Улиастай хотод үйл ажиллагаа явуулдаг "Завхан баялаг" хувьцаат компанид ажиллалаа.

"Завхан баялаг" хүнсний үйлдвэр 1925 онд анх Архины хороо нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1960 оноос аймгийн хүнсний хангамжийг шийдэх зорилгоор Хүнсний иж бүрэн үйлдвэр болон өргөжиж, 1992 оноос "Завхан баялаг" ХК болжээ.

100 жилийн түүхтэй хүнсний үйлдвэр 58 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 200-250 сая төгрөгийн татвар төлдөг.

Өнгөрсөн онд 50 тн талх, нарийн боов, 50 тн чихэр, 100 тн жимсний шүүс, ундаа, чанамал, 5 тн цай, 1,000 тн иоджуулсан давс, 300 тн цэвэр ус, 200 тн архи, дарс, ликёр үйлдвэрлэсэн байна.

"Баялаг" брэндийн төрөл бүрийн шүүс, нэрс, чацарганы чанамал, хатуу болон самартай зөөлөн чихэр, тэр дундаа Завханы "Сармай дээлт" хэмээн алдаршсан чихрийг гар аргаар үйлдвэрлэдэг.

"Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, тоног төхөрөөмжөө сайжруулах, энэ хэрээр ажлын байр бий болгох боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Тус компани өнгөрсөн онд 400 сая төгрөгийн зээл авч, савлагааны шугам болон бусад тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Ингэснээр гар ажиллагаа 40 хувиар багасаж, үйлдвэрийн бүтээмж 30 хувиар нэмэгдэх юм.

2021 онд Улаанбаатар хотод салбар үйлдвэрээ байгуулж, 2022 онд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж хүнсний бүтээгдэхүүний түгээлт, хадгалалтын агуулахаа барьжээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөрийн баатар, зөвлөх Л.Юрагийн санаачилгаар 50 мянган мод бүхий мод үржүүлэг, жимс жимсгэний аж ахуй байгуулсан. Мөн Завхан аймагт тарьж ургуулах 25 сая модны нэг саяыг нь тарихаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал"-д нэгдэн, үйлдвэрлэл эрхэлж, орон нутагтаа олон ажлын байр бий болгон, татвараа төлөхийн зэрэгцээ "Тэрбум мод" хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байгаад нь талархал илэрхийллээ.

"Завхан баялаг" ХК ирэх хоёр жилд чацарганы үйлдвэрлэлээ өргөжүүлж, 100 га-д чацаргана тариалан, жимс, жимсгэний үйлдвэрлэлээ 50 хувь нэмэх юм.

Компанийн хүнсний үйлдвэр, худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд давхардсан тоогоор 1,200 гаруй хүн ажиллаж байна.

President of Mongolia published this content on March 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 20, 2026 at 13:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]