08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 18:57
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Кюүшүгийн технологийн институт хамтран "BAIGAL Engineering" багш, судлаач, оюутан солилцооны хөтөлбөрийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж буй юм. Эл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтаар багш, судлаачдын туршлагыг солилцох, оюутнуудыг онолын мэдлэгээ бодит үйлдвэрлэл, практиктай уялдуулан эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг "Диспетчерийн үндэсний төв", эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэв.
Уулзалтад инженер, технологийн чиглэлээр 1000 оюутан бэлтгэх зорилготой "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн оролцогч болох багш, судлаачид хамрагдсан юм. Тодруулбал, Кюүшүгийн технологийн институтийн профессор Хироши Коно, профессор Ичиро Омүра, дэд профессор Акихико Ватанабэ, дэд профессор Юүсүкэ Фүжи, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Эрдэнэбаатар, МУИС-ийн Ногоон эрчим хүчний тэнхимийн Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн багш Б.Баттүвшин нар оролцов. Мөн "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн удирдлага, ерөнхий диспетчер, Техникийн бодлого төлөвлөлт, Горим төлөвлөлт, тооцоо зэрэг албаны төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Мөн "Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн үйл ажиллагаа, "Диспетчерийн үндэсний төв"-ийн үүрэг", "Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, хэрэглээний тэнцвэржүүлэлт", "Сэргээгдэх эрчим хүчний интеграц, системийн тогтвортой ажиллагаа" сэдвээр өрнөсөн бөгөөд ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллах багш, судлаач, оюутнуудыг бэлтгэх талаар ярилцав. Оюутнуудыг үйлдвэрлэлийн орчинтой танилцуулах, дадлага, судалгааны ажилд хамруулах, эрчим хүчний системийн бодит өгөгдөл, үйл ажиллагаанд тулгуурласан хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэх замаар "BAIGAL Engineering" хөтөлбөрийг өргөжүүлэхээ талууд илэрхийллээ.