Ministry of Foreign Affairs of Mongolia

08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 04:10

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17)-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ СЕГМЕНТЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая" сэдвийн дор болж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Өндөр түвшний сегментийн нээлтийн арга хэмжээ энэ 8 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд UNCCD COP17-ын Дарга Б.Батцэцэг нар оролцлоо.

Түүнчлэн Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Тарья Халонен, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нар Өндөр түвшний сегментийн нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв.

Энэ долоо хоногоос эхэлж буй Сайд нарын түвшний арга хэмжээнд тус конвенцод нэгдсэн 170 орчим улсын өндөр түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран цуглаад байна. Тэдгээрийн дотор 70 гаруй улсын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид, мөн НҮБ, түүний системийн байгууллагууд, бусад олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн чухлыг илтгэж байна.

Энэхүү өндөр түвшний долоо хоногт Бага хурлын албан ёсны яриа хэлэлцээ үргэлжлэхийн зэрэгцээ Санхүү, Ус, Газар ба хүн төвт өдөр, Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс зэрэг сэдвийн хүрээнд Сайд нарын түвшний сэдэвт хэлэлцүүлэг болон тусгай арга хэмжээнүүд болно. Эдгээр нь Талуудын яриа хэлэлцээг үр дүнд хүргэх, санхүүжилт, түншлэлийг нэмэгдүүлэх, улмаар газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг олон улсын амлалтыг бодит үр дүнд хүргэхэд чиглэж байна

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 24, 2026 at 10:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]