11/18/2025 | Press release | Distributed by Public on 11/18/2025 00:33
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Энх тайвны корпус нь 1991 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Төв аймагт 1994 оноос сайн дурын ажилтан ажиллуулж эхэлжээ. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, өөрчлөлтийг бий болгох, хүүхэд, залууст хэл, соёлын насан туршийн боловсрол олгох, хөгжлийг дэмжлэх чиглэлээр 1994-2020 оны хооронд 52 сайн дурын ажилтан Төв аймагт ажилласан байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас бидний хамтын ажиллагаа түр зогсоод байсан юм. Тэгвэл өнөөдөр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Энх тайвны корпусын Хөтөлбөр, сургалт хариуцсан захирал Ким Чернек нараар ахлуулсан хоёр талын төлөөлөл уулзаж, 2026 оноос хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зөвлөлдлөө. Ирэх онд Сайн дурын ажилтан бэлтгэх 3 сарын хөтөлбөрийг Зуунмод хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийлж, цаашлаад 2 жилийн хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон бусад хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэх саналыг солилцов. Үргэлжлүүлээд Энх тайвны корпусын төлөөлөл Боловсролын газар, Зуунмод сумын ЗДТГ, багийн Засаг дарга, ЕБС-ийн захирлуудтай уулзах юм.