Ministry of Foreign Affairs of Mongolia

08/07/2026 | Press release | Distributed by Public on 08/07/2026 01:42

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Хүнс, худалдаа үйлчилгээний ажлын хэсэг хуралдлаа

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, худалдаа үйлчилгээний ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ажлын явц, голлох үзүүлэлтүүдээ хэлэлцлээ.

Тус хурлаар олон улсын өндөр түвшний зочид, төлөөлөгчдөд үйлчлэх нийслэлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явагдаж байгааг онцолж, дараах гол үр дүнгүүдийг танилцуулав. Төлөөлөгчдөд зориулсан 1-р хоолны бүсийн нарийвчилсан зураг төслийг эцэслэн баталлаа. Уг бүс нь нийт 1,524.67 м.кв талбайтай, нэг дор 664 хүн хүлээн авах хүчин чадалтай байх бөгөөд хоол бэлтгэх (43-44.5 м.кв) болон түгээх (23 м.кв) хэсгүүдийн урсгалыг олон улсын стандартад нийцүүлэн, оновчтойгоор шийдвэрлэжээ.

Арга хэмжээний үеэр Монгол үндэсний болон олон улсын (Ази, Европ, Энэтхэг, Солонгос, Япон), мөн тусгай шаардлагат (Халал, Цагаан хоол) зоогуудаар үйлчлэх салбартаа тэргүүлэгч байгууллагуудыг танилцууллаа. Үүнд Modern Nomads, Choijin Prime, Asiana, Namaste, Foody, Кавказ, UG Catering, Ajisen Ramen, Bluefin зэрэг дотоодын зоогийн газар, катерингийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдаж байна.

UNCCD Indico системд үйлчилгээ үзүүлэгч болон холбогдох албаны 795 (үүний 547 нь цэнхэр, 30 нь ногоон, 60 нь туслах бүсийн) ажилтны мэдээллийг бүрэн илгээж баталгаажуулсан байна. Мөн катерингийн захиалга, харилцааг төвлөрүүлэх cop17.minu.mn цахим системийн хөгжүүлэлт дууссан байна.

Хүнс, худалдаа үйлчилгээний ажлын хэсгээс арга хэмжээний үеэрх ложистик, эрүүл ахуй, үйлчилгээний чанар стандартад онцгой анхаарч, 10 гишүүнтэй дэмжих баг (инженер, зураг төсөл, дэд бүтэц, ложистик хариуцсан)-тай нягт хамтран ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 07, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 07, 2026 at 07:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]