01/14/2026 | Press release | Distributed by Public on 01/15/2026 05:48
МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас санаачлан зохион байгуулж буй "Алтайн уулархаг бүсийн тогтвортой хөгжил, экологи, түүх, хэл, соёл, боловсрол, эдийн засгийн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Баян-Өлгий аймагт амжилттай үргэлжилж байна.
Тус хурал нь энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд гурван өдрийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улс төдийгүй гадаад улс орнуудын их, дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож, Алтайн уулархаг бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд, харьцуулсан судалгаанд тулгуурлан хэлэлцэж буйгаараа онцлог ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Олон улсын хурлын хүрээнд Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын нэрт төлөөлөгчид болох Монгол Улсын Ардын багш, академич Б.Жадамба, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян, академич А.Бакей, доктор (Ph.D), профессор Б.Алтангүл нарын зочин профессор, эрдэмтэд хүрэлцэн ирж, мөн гадаадын улс орнуудын их сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэг, уулзалт, лекцэд оролцож байна.
Хурлын нээлтийн ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан оролцож, үг хэлэхдээ:
"Алтайн уулархаг бүс нутаг бол зөвхөн байгалийн өв төдийгүй түүх, соёл, хэл шинжлэл, экологи, боловсрол, эдийн засгийн судалгааны асар их нөөцтэй онцгой орон зай юм. Энэ утгаараа энэхүү хурал нь зөвхөн эрдэм шинжилгээний ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох чухал алхам болж байгаад баяртай байна" хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр Баян-Өлгий аймаг нь эрдэм ухаан, оюуны хүчийг тээж ирсэн, олон нэрт эрдэмтэн судлаачдыг төрүүлэн гаргасан өлгий нутаг болохыг дурдаад, тус хурлын хүндэт зочдоор академич А.Бакей, Монгол Улсын Ардын багш, академич Б.Жадамба, доктор, профессор Ц.Өнөрбаян, доктор (Ph.D), профессор Б.Алтангүл нар оролцож буй нь орон нутгийн хувьд нэр төрийн хэрэг болохыг онцлов.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд эрдэм мэдлэгээр дамжуулан Алтайн бүс нутгийн өнөө ба ирээдүйг тодорхойлох энэхүү хуралд оролцож буй бүх эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, судалгааны илтгэл, хэлэлцүүлэг, санал бодол нь бодит үр дүнд хүрч, цаашдын хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.