President of Mongolia

03/10/2026 | Press release | Distributed by Public on 03/10/2026 00:31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын "UNFICYP" энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо.

Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.

Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.

President of Mongolia published this content on March 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 10, 2026 at 06:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]