08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 03:07
Тус тэмцээнд 18 клубийн 300 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд "Бага нас", "Өсвөр үе", "Залуучууд"-ын насны ангиллаар А, В, С ангилалд хоёр өдрийн турш ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх билээ. Тэмцээн нь тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, өрсөлдөөнт орчинд өөрийгөө хөгжүүлэх, цаашдын амжилтад нь урам зориг өгөх чухал ач холбогдолтой юм.
Булган аймгийн "БҮРГЭД" клуб нь таеквондогийн спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхэд уриалах, тамирчдыг бэлтгэн хөгжүүлэхэд олон жилийн турш хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд клуб байгуулагдсаны 30 жилийн ойг ийнхүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Спортын уралдаан, тэмцээнийг зохион байгуулах нь өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн зэрэгцээ сахилга бат, хариуцлага, тэвчээр хатуужил, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, спортын зөв дадал хэвшилтэй болгох, цаашдын спортын амжилтын үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Энэхүү тэмцээнээр дамжуулан оролцогч хүүхэд, залуучууд спортын үнэ цэнэ, шударга өрсөлдөөн, нөхөрлөлийн сайхан харилцааг эрхэмлэн, өөрийн ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин амжилт гаргах боломж бүрдэж байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа спортын өндөр амжилт, өрсөлдөөн бүрээсээ шинэ туршлага, шинэ амжилт олж, дурсамж дүүрэн оролцохыг хүсэн ерөөе.
Булган сумын ЗДТГазар