President of Mongolia

03/22/2026 | Press release | Distributed by Public on 03/21/2026 20:06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажилласны дараа Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг тус аймгийн удирдлагууд болон Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан баярын хуралд оролцон, казах түмэнд Хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

"Хүнсний хувьсгал", "Тэрбум мод", "Эрүүл монгол хүн" хөдөлгөөн, "Цагаан алт", "Илгээлт-2100" хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Баян-Өлгийчүүд өвлийг өнтэй давж, олсон ололт, амжилтаа улам бататгах дүүрэн итгэл, өөдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн Засаг дарга Ё.Зангар хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар товч танилцууллаа.

"Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж, илүү гарсныг хөрш зэргэлдээ улс руу гаргадаг байсан үе бий.

Нэг хэсэг импортын ногоо хэрэглэдэг байсан бол "Хүнсний хувьсгал", "Атрын IV аян" зэргийн дүнд газар тариалангийн салбар эргэн сэргэсэн. Ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахыг зорьж байна.

"Ерөнхийлөгчийн илгээлт 2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 20 гаруй хүүхэд Орос, Хятад, Америк, Турк, Унгар, Чех, Польш, Казахстан зэрэг улсад суралцаж байна.

Үр хүүхдээ эрдэм номд шамддаг, хөдөлмөрч, хичээнгүй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, төрөл төрөгсдөд нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөр, хуулийн төсөл, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төслийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн Өлгий хотын агаарын бохирдол ихэсч байгааг шүүмжилж, тарьсан модоо арчилж тордоход ахмад настнуудын хүчийг ашиглах, айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатай байгааг ч хэлж байлаа.

Баян-Өлгий аймаг өнгөрсөн онд хаягдал ус цэвэрлэх байгууламж, төмөр бетон гүүр, авто зам, Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газар, Булган, Алтанцөгц, Бугат сумын цахилгаан хангамжийн байгууламж, аймгийн 100 ортой Нэгдсэн эмнэлэг, Улаанхус сумын 150 ортой, Өлгий сумын 120 ортой эмнэлэг, Ногооннуур, Булган сумын 50 ортой шинэ цэцэрлэг, Дэлүүн, Бугат сумын хатуу хучилттай авто зам зэргийг ашиглалтад оруулсан байна.

Энэ онд Аялал жуулчлал, спортын цогцолбор, төрийн албан хаагчдын орон сууц, Өлгий, Алтанцөгц, Алтай суманд тус бүр 100 ортой цэцэрлэг зэргийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч ард иргэд бүс нутгийнхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

President of Mongolia published this content on March 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 22, 2026 at 02:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]